Бусад

ОЛОНЛОГ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

Олонлог сэтгүүлийн 2021 оны 1 дүгээр ном хэвлэгдлээ. Удахгүй гар дээр ирэх тул туйлаас бахархалтай үйл явдал болж байна. Ковид-19 өвчний өргөн хүрээтэй тархалтын улмаас үүдсэн хөл хорионы дэглэмийн үед гарч байгаа 2 дахь дугаар юм. Энэ дугаарт Фермагийн Их теоремийн жишээн дээр математикийн агуу бодлогууд гэж юу болохыг тайлбарлаж ирээдүйн математикчид оролдвол зохих бодлогууд томъёологджээ. Бодлого бодож сурах хорхойтнуудад онц сонирхолтой, үр өгөөжтэй нэгэн зарчмыг томъёолж хэрэглээг олон тооны бодлогууд дээр хэрэглэжээ. Энэ бол Цэнэг хуваарилах зарчим буй. Энэ дугаарт Монголын шилдэг ахмад математикчдын нэг, доктор Ц.Лхамсүрэн Монгол хэмээх үндэстний математикийн түүхийг хураангуйлан эдүгээ цагт хүргэн авчирснаа өргөн толилуулжээ. Математикийн үнэт эрдэнэсийн адармаатай сангаас Олонлог сургуулийн багш нарын шүүн тунгааж, олж нээсэн тунгаамлууд энд багтжээ.
Хамгийн чухал, бас бусдад гайхуулах, бас өөрсдөөрөө бахархах хэсгүүд энд бий. Бусад улс орон, мэргэжил нэгтнүүдэд үндэстнээ харуулах, хэнээс ч дутахгүйгээ нотлох баримтууд юм. Өөр ч бас тун чухал уралдаан, элдэвтэй санаанууд энэ дугаарт багтлаа.
Таалан соёрхогтун.