Сургалт

“СУРЧ СУРЪЯ” ХӨТӨЛБӨРИЙГ СУРГАЛТДАА НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ОЛОНЛОГ ТӨВ БОЛОН АКАДЕМИ СУРГУУЛИУД ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ЭХЛЭН ОХУ-Д ХОРИН ЖИЛ ТУРШИГДАН ҮР ДҮН НЬ НОТЛОГДОН БАТАЛГААЖСАН “СУРЧ СУРЪЯ” ХӨТӨЛБӨРИЙГ СУРГАЛТДАА НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

ХЭРВЭЭ ОРОСТ ГАЙХАМШИГТАЙ СУРАХ БИЧИГ БАЙХ АВААС ТЭР НЬ ЭРГЭЛЗЭЭГҮЙ ПЕТЕРСОНЫ МАТЕМАТИКИЙН ЦУВРАЛ ЮМ. ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН АРГАЗҮЙН ТАЛААР МАШ ОЛОН ЦУУ ЯРИА ХӨВРӨХ БӨГӨӨД ГЭРИЙН ДААЛГАВАР НЬ МАШ ХҮНД ГЭГДДЭГ Ч ЭЦСИЙН ДҮНДЭЭ ХҮҮХДҮҮД ӨНДӨР АМЖИЛТЫГ ГАРЦААГҮЙ ҮЗҮҮЛДЭГ. ЛЮДМИЛА ПЕТЕРСОНЫ ХУВЬД ТҮҮНИЙ СУРАХ БИЧИГ НЬ ХҮҮХЭД БҮР ӨӨРИЙН ХЭМЖЭЭНД МАТЕМАТИКИЙГ ТУЛТАЛ НЬ ЭЗЭМШИХЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ ЧАДАХ ЮМ. ТЭРБЭЭР ЭНЭХҮҮ ЯРИЛЦЛАГАДАА ОРЧИН ҮЕД ХҮҮХДҮҮД ЯАХ ГЭЖ СУРГУУЛЬД СУРДАГ, БЭРХШЭЭЛ, ХҮНДРЭЛИЙГ ХЭРХЭН ӨӨРИЙН АМЖИЛТЫГ АХИУЛАХАД АШИГЛАЖ БОЛОХ ТАЛААР ДУРЬДСАНЫГ ТОЛИЛУУЛЪЯ.

Та багшлах үйлсээ хэдийнээс яаж эхлүүлсэн, уламжлалт сургалт болохгүй байгааг хэрхэн ухаарсан бэ?

Би франц хэлний тусгай сургуульд суралцаж байсан бөгөөд математик, хөгжим, франц хэл бол миний дуртай хичээлүүд байлаа. Хөгжмийн багш маань намайг ихээхэн сайшаадаг байсан бөгөөд хөгжмийн дээд сургуульд суралцахыг зөвлөдөг байв. Гэхдээ хөгжмийн хичээлээр олж авсан амжилтууд нь дийлэнхдээ шаргуу оролдлогын үр дүн гэдгийг би цагийг нь олж мэдсэн юм. Хүнд хэцүү бодлогыг уран гоё шийдсэнээс л надад жигүүр ургаж, баяр хөөр төрдөг байлаа. Багшлах үйлс надад хүүхэд байхаас л ойр оршиж, ээж минь багш учир багшийн мэргэжил миний хувьд дотно, танил байжээ. Тийм учраас би “франц хэл дээрх математикийн багш” мэргэжлийг сонгосон юм даа. Их сургуулийн дараа 1970-аад оны эхээр Алжирт хоёр жил дадлага хийсэн нь францын боловсролын системтэй танилцах, мэдлэгээ тэлэх, зүйрлэшгүй их туршлага хуримтлуулах боломжийг олгосон билээ. Дараа нь 1970-аад оны сүүлээр Василий Давыдовын удирдаж байсан Сэтгэл Судлалын Хүрээлэнд ажилд орсон юм. Тэнд миний судалгааны ажлыг Наум Виленкин удирдаж байсан ба идэвхтэй оролцооны зарчмын үндэслэгчид болох Даниил Эльконин, Петр Гальперин, Леонид Занков нарын бүтээлүүдтэй танилцаж билээ. Энэ үеэс л би идэвхтэй оролцоонд суурилсан өөрийн аргазүйг боловсруулж эхэлсэн ба Москвагийн 91-р сургууль дээр туршилтыг хийж, хичээлүүдийн явцтай өөрийн биеэр танилцаж байв. Хүүхдүүдийн нүдэнд гал цог асахыг би харж байлаа. Хэрэв багш нэг удаа л үүнийг олж харваас тэр өмнөх шигээ хэзээ ч ажиллаж чадахгүй. Хэдэн жилийн дараа би ердийн сургуульд ажилласан бөгөөд “хүндрэл-гэтлэлт-ялалт” гэсэн зарчмаар өрнөдөг идэвхтэй оролцооны аргазүйд суурилсан сургалт болон “тайлбар-батжуулалт-шалгалт” гэсэн уламжлалт аргазүйд суурилсан бодит байдал хоёрын хооронд гарч буй асар их ялгааг анзааран гайхширч билээ. Эхний тохиолдолд хүүхдүүдэд илүү сонирхолтой байж, чадвар нь илүүтэй хөгжиж, мэдлэгийн түвшин нь улам өндөршиж байсан юм. Иймээс би тэр үед бараг юу ч байхгүй нөхцөл байдалд идэвхтэй оролцооны сургалтын аргазүйгээ боловсруулж эхэлсэн хэрэг. Энэ бүхэн маш сайн үр дүнг харуулж эхэлсэн төдийгүй бидний сурах бичгийн үндэс суурь нь болсон доо.

Уламжлалт сургуулиудын хамгийн чухал, үнэ цэнэтэй шинж чанар нь миний хувьд сурагч бүрд чанартай боловсролыг олгох зорилт юм. Миний ээж сурагч бүрийн төлөө санаа тавьж, шаналж тэмцэж байхыг байнга анзаарч байсан учраас би ч мөн тэгэж ажилладаг, үүнийг Алжирт ажиллаж байсан Зөвлөлтийн багш нарын үйл хөдлөлөөс ч мэдэрдэг байсан. Азаар одоо ч ийм багш нар олон байна.

Та бүгдийн математикийн сурах бичгүүд гараад 20 гаруй жил болжээ. Эдгээрийг орчин үеийн хүүхдүүдэд зориулан шинэчлэх шаардлагатай юу?

Одоогийн хүүхдүүд, мэдээж хэрэг, 20 жилийн өмнөхөөс өөр болсон. Интернэт хөгжлийн сангаас хийсэн судалгаагаар, сургуулийн өмнөх насныхны 80% орчим нь таблет, сурагчдын 90% орчим нь интернэтийг чөлөөтэй ашиглаж, 30% нь нийтийн сүлжээнд цагийнхаа гуравны нэгийг өнгөрөөж байна. Иймээс тайлбарлан таниулах ердийн арга хэрэгслүүд огт нөлөөгүй болж байна. Жишээлбэл, Photomath программ гар утасныхаа камерийг хүссэн бодлогынхоо нөхцөл рүү л чиглүүлэхэд бодолтыг нь шууд гаргаад өгч байхад томьёонуудыг нь цээлжлэх хэрэгтэй гэдгийг яаж ч тайлбарлалтай билээ? Сургуульд хүүхдүүд дан ганц мэдлэгийн төлөө бус, сэтгэх үйл явцаас авах таашаалын төлөө ирдэг. Ялалтын баяр баясгалангийн төлөө юм. Оюун ухааны наадааны төлөө ирдэг: өнөөдөр чи ямар нэгэн санааг олж шийдсэнд бүгд алга ташиж, маргааш нь бид хамтдаа баярлаж, хамтдаа ямар нэгэн зүйлийг хийж, нээж, шийдэх нь бид бүгдэд сонирхолтой! Энэ бүхэн мэдээж хэрэг математикийн суурь ухагдахуунуудыг баттай эзэмшихийн эрхэм чухалыг багасгахгүй агаад энэ бүхэнд хүрэх арга зам л өөрчлөгдсөнийг илэрхийлэх болно. Бидний “Сурч суръя” хөтөлбөр анхнаасаа л идэвхтэй оролцооны үзэл санаанд суурилсан. Үүний ачаар манай аргазүй, технологи одоо ч хэрэгцээтэй. Мөн бид өөрсдийн хандлага, чигийг хөгжүүлсээр, өөрсдөө ч хөгжсөөр байна. Оросын өнцөг булан бүрд байгаа сургуулиудтай нягт харилцаж, тэдэнтэй байнгын эргэх холбоотой байгаа. Багш бэлтгэх, өөрийн хөгжлийг дэмжих сургалтын чанартай тогтолцоо, эцэг эхтэй ажиллах тогтолцоог хөгжүүлж байна. Хамтдаа хөтөлбөр, сурах бичгүүдээ сайжруулж байгаа. Үүний зэрэгцээ, сургуулиудын хооронд болон багш нарын дунд хэвтээ холбоосууд бий болж, тэд хоорондоо харилцаж, семинар зохион байгуулж, туршлагаа солилцож байгаа нь маш чухал юм.

Гэвч танай хөтөлбөр 9-р анги хүрээд дуусдаг, дараа нь яах билээ?

Энэ асуудал төдийлөн хурц тавигдаагүй: Оросын ахлах сургуулиудын аргазүй маш чанартай, маш сайн бодлогуудын сантай. Бидний хөтөлбөр залгамж холбоог сайтар хангадаг ба хүүхдүүд математикийн хэлийг сайтар эзэмшдэг тул бусад хөтөлбөрийг эзэмшихэд тэдэнд ямар ч бэрхшээл гардаггүй. Түүгээр барахгүй, хүүхдүүд маань ЭЕШ-д эрчимтэй бэлдэн сайн өрсөлдөж, шилдэг дээд сургуулиудад ордог нь бодит баримт. Гэхдээ манай хамт олон ахлах ангийн алгебр, геометрийн цуврал хичээлүүдийг бүтээх талаар эргэцүүлж байгаа. Москвагийн Физик-технологийн дээд сургуулийн багтай шууд хамтран ажиллаж байна, магадгүй, хэдхэн жилийн дараа энэ сурах бичгийн хувилбарыг бид санал болгосон байхыг үгүйсгэхгүй.

Танай хөтөлбөрийг шуурхай өгөлттэй, хүнд бодлогуудтай, онол багатай тул хэтэрхий хэцүү хэмээн олон хүн гомдоллодог. Танай сурах бичгүүдийг хүүхдэд хор хөнөөлтэй хэмээн зарим нь өгүүлж байна. Яагаад ийм байдал үүсдэг билээ?

Шатрын хөлгөөр хор хөнөөл учруулж болно гэдгийг та ч зөвшөөрнө гэж би бодож байна. Гагцхүү хөлөг үүнд зориулагдаагүй юм. Нухацтай яривал, хүүхэдтэй харьцах аливаа хандлагын үндсэн зарчим нь сэтгэлзүйн таатай нөхцлийн зарчим юм, энэ нь сурах бичиг, хөтөлбөрөөс хамаардаг юм биш. Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Ганц жишээ авч үзье.

Манай цуврал хичээлээр хүүхэд гэрийн даалгаврыг бие даан 15-20 минутад хийж гүйцэтгэнэ. Гэхдээ хүүхдүүд янз бүр байдаг ба нэг нь бодлого, нөгөө нь жишээ, гурав дахь нь тэгшитгэл бодох илүү дуртай байдаг. Бүгд математикийг судлах өөр өөрийн сэдэлтэй, ялгаатай суурь бэлтгэлтэй. Ийм учраас бид хүүхдүүдэд гэрийн даалгаврыг сонгох хувилбартайгаар өгөхийг зөвлөдөг: тухайлбал, №3 – ангидаа үзсэнээс хялбар, шинэ сэдвийн тогтсон жишиг даалгавар өгөх, давтах зорилготой №5-9 даалгавраас өөрт таалагдсаныг сонгох, №10* – олимпиадын түвшний бодлогыг өөрийн хүслээр хийх боломжтой. Ийнхүү хэн хүн хүчрэх заавал хийх хоёр даалгавар байдаг. Ингэж хүүхэд сонирхолтойгоор илүү ихийг гүйцэтгэж болно. Харамсалтай нь, сурагчдад сурах бичигт байгаа бараг л бүх бодлогыг, тэр бүү хэл, ангид авч үзээгүй сэдвийн даалгавруудыг заавал хийх байдлаар өгсөн тохиолдол гардаг! Энэ нь бэлтгэлийн танхимд орж ирсэн хүн бүрийг бүх хэрэгслүүд дээр максимал ачаалалтай дасгалууд хийхийг шаардахтай агаар нэг юм. Мэдээж хэрэг ийм тохиолдолд гэмтэл, хэт ачаалал зайлшгүй тохиолдоно. Бид үүнийг ухаардаг төдийгүй ийм зүйлд маш их анхаарал тавьж, заах аргазүйн зөвлөгөө, багш нарын сургалтад онцгой тусгаж өгөхийг хичээдэг. Хүүхэд бүрд дааж чадах ачааллыг нь өгдөг байх нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгцээтэй идэвхтэй оролцооны сургалтын аргазүй, зарчмуудыг эзэмших нь багш нарын үндсэн зорилго байх учиртай.

Бага сургуулийн онолын мэдлэгийг бид дэлгэрэнгүй тайлбар бичвэрүүдээр өгдөггүй нь үнэн. Үүнийг бид санаатай хийсэн бөгөөд бага насны сурагчидтай ажиллахад ийм бичвэрүүд маш бага үр дүнтэйг амьдрал нотолсон шүү дээ. Үндсэн дүрэм, тодорхойлолтуудыг сурах бичигт цонхолж өгсөн нь хүүхдэд хүртээмжтэй, тулгуур дохионууд болж чаддаг. Хүүхдүүд өсөхийн хэрээр бичвэрүүд хүндэрдэг. 4-р ангид бид тэднийг тэмдэглэл хөтлүүлж сургадаг бол 5-р ангиас эхлэн дэлгэрэнгүй бичвэрүүдийг санал болгодог. Нөгөө талаас, 1-6-р ангиудын бүх онолын материалыг нэгтгэн, тусад нь “Өөрийн математикийг бүтээ” товхимолд эталон байдлаар цуглуулсныг үзэж болно. Энэ нь хүүхдүүд сурах бичгийн хуудсыг эргүүлэн суухгүйгээр өмнө, бүр өмнөх жилүүдэд үзсэн ухагдахуун, дүрэм, тодохойлолтыг шууд олж харах боломжийг олгодог. Бидний хувьд хичээл дээр хүүхэд шинэ мэдлэгийг өөрөө нээж сурах нь чухал бөгөөд ийм байж чадваас түүний хувьд математикийг судлах нь өгөөжтэй, сонирхолтой байх болно. Ийм л учраас манай сурагчид үе тэнгийнхнээсээ олимпиад, тэмцээнүүд дээр илүүрхэж байдаг: нэг нь цээжилсэн бичвэр, тодорхойлолтуудаас бүрдэх мэдлэгтэй бол нөгөө нь математикийг өөрийнхөөрөө туучсан сонирхолтой аяллын үр дүн юм.

Тийм юм бол хүүхдэд яаж математикаар туслах вэ?

ХАРИУЛТ: Юуны өмнө, ердийн тохиолдолд хүүхэд өөрийн хүндрэлийг өөрөө л давж гардгийг тэмдэглэе. Миний ажигласнаар, хэрэв хүүхдэд тусламж хэрэгтэй болсон бол даалгаврын хэцүүгээс болсон хүндрэл биш (харин ч энэ хүндрэлүүд нь хөгжлийн мөн чанар байдаг), ихэнх тохиолдолд хүүхдэд туслах гэсэн томчуулын сандралаас үүдсэн, өөрийн хүүхдэд хор хөнөөл учруулдаг түгшүүрийн үр дүн юм. Ямар нэгэн зүйл болохгүйгээс болж тэд уцаарлаж, тэвдэж, хажуу хавийнхандаа омогдож эхэлдэг. Ийм байдлаар тэд хүүхдэд өөртөө итгэлгүй, айдастай байдлыг төрүүлж, хамгийн муухай нь өөрт тулгарсан хүндрэлийн шалтгааныг бусдаас эрж хайдаг маш хортой араншинг суулгаж өгдөг. Гэрийн даалгаврын эргэн тойронд үүссэн шаналал, түгшүүрийг давахын тулд зүгээр л түүнийг орхисон нь зөв бөгөөд хүүхэдтэйгээ харьцах хэлбэрийг өөрчилж, түүнд итгэх учиртай. Идэвхтэй оролцооны аргазүйн зарчим, технологиуд багш, эцэг эхүүдэд нээлттэй байдаг. Гол чухлаас нь тоочъё.

  1. Хэрэв ямар нэгэн зүйл болохгүй байвал энэ нь ердийн хэм хэмжээ гэдгийг ухамсарлах ёстой. Ямар ч сурагчийн хувьд хичээл сурлага, аж төрөлд нь бэрхшээл, хүндрэл гарч л байдаг. Үүнийг тэрбээр хэрхэн ашиглаж буй нь эрхэм чухал: дээш нь өгсүүлж өгдөг гишгүүр болгох, эсвэл доош нь чангааж байдаг ачаа гэж үзэх. Бид хүндрэлийг дээш өгсөх гишгүүр болгон ашиглахыг сургадаг. Дээш өгсөхийн тулд юуны өмнө хүүхдэдээ итгэх ёстой бөгөөд үүссэн нөхцөл байдлыг хүүхэд бэрхшээл, хүндрэлүүдэд тайван хандаж, тэдгээрийг амжилттай шийдэх чадварыг буй болгоход ашиглавал зохино. Энэ бол хүүхэд сургуулиас олж авах ёстой үндсэн чадваруудын нэг мөн.

Хүүхдэд бие даан даалгавраа хийж гүйцэтгэхэд нь дэм болж, түүнд дараах асуултуудыг тавьж болох юм. Үүнд:

Энэ даалгаварт юу нь өгөгдсөн байгааг хэлнэ үү? Юу хийх хэрэгтэй билээ?

– Ямар дүрэм, зүй тогтол энэ асуултад хариулт өгч чадах вэ?

– Энэ дүрмүүдээ сайтар давтана уу?

– Тэднийг хэрэглэх гэж оролдоно уу?

Түүнчлэн даалгавруудын бэлэн бодолтыг ашиглаж болно. Үүнийг тухайлбал, www.sch2000.ru сайтад байрлуулсан товхимлоос харж болно. Хүүхдийн өмнөөс даалгаврыг хийхгүй байх нь чухал бөгөөд бэлэн бодолтыг хуулуулж цагийн гарз болох шаардлагагүй, хүүхэд өөрөө бодож сэтгэхэд дөхөмтэй болгоход чиглүүлсэн асуулт тавих замаар туслах нь зөв юм.

  1. Хүүхдийн хүрсэн маш өчүүхэн ч хамаагүй, бодит амжилтыг олж харах, түүнийг онцлон тэмдэглэх, түүгээр нь бахархаж сурах шаардлагатай. Энэ бүхэн түүнд эрч хүч өгдөг, ямар ч хүндрэлийг даван гарах тэмүүллийг өдөөдөг.
  2. Харилцан итгэлцэл, хүндлэлийн уур амьсгалыг бүрдүүлж, хүчлэх бус, урамшуулж, доромжлол, шоололт огт байхгүй, алдаа болон үнэлгээний талаар зэмлэнгүй ханддаггүй байх ёстой. Гомдоох болон шийтгэхийг эрс цээрлэж, хүүхдийн гаргасан алдаанд тайван, хүлээцтэй хандаж, бүхнийг засаж залруулахад нь туслах ёстой. “Ээж ээ (Аав аа), баярлалаа, танаас туслалцаа гуйж хандах надад таатай байдаг” – энэ бол бүх зүйл зөв явагдаж байгаагийн үлгэр жишээ индикатор мөн.
  3. Хүүхдээ яг байгаагаар нь хүлээн авч хайрлах, түүний хийж чадахаас давсан зүйлийг шаардахгүй байх учиртай. Амжилт гаргахын тулд хариуцлагын хэм хэмжээнээс нь эрс хэтэрсэн ачааг үүрүүлэх нь түүнд маш хор хөнөөлтэйг ухаарах ёстой. Тийм учраас “Чи чадах ёстой” хэмээх улиглалыг “Чиний бүх зүйл бүтнэ” хэмээн өөрчилбөл зохино.

Гэхдээ яаж энэ итгэлцлийг оргүй хоосон болгочихгүй байх вэ?

Үүний торгон заагийг олох үнэхээр хүнд асуудал. Энэ асуудлаар сэтгэлзүйч Юлия Гиппенрейтер надад төдийгүй бусад олон хүний хувьд урам, түшиг болсон юм. Ор хоосон гэдэг чинь “Надад огт падгүй” гэдэгтэй илүү уялддаг зүйл. Би өөрийн шавиа мэдэрч байгаа үедээ нүдийг нь ажиж, яагаад энэ маань өөрөөр биш, яг ийм байгааг ухаарах гэж оролддог, тэгээд түүний сонголтыг хүндэлдэг. Энэ бол итгэлцэл үүсчихсэн хэрэг мөн.

Мөн хүүхэд эцэг эхийнхээ ямар нэгэн зүйл оролдож, бүтээлч хандлагатай байгааг харах маш чухал. “Хүүхдийг хүмүүжүүлэх шаардлагагүй, аль ч тохиолдолд тэр тантай л төстэй байх болно” гэсэн гайхамшигтай зүйр үг бий.

Таны туршлагаас эргэн тодруулахад, энэ хүүхэд болон ангид таны аргазүй ажиллахгүй байгаа тул ердийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь дээр гэх тохиолдол гарч байсан уу?

Би математикт дуртай болгож чадахааргүй (үүнтэй адилыг хөгжмийн хувьд ч хэлж болно) нэг ч хүүхэдтэй тааралдаж байсангүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн түлхүүртэй, гэхдээ тэр нь өмнө дурьдсанчлан, харилцан хүндлэл, итгэлцлийн хөрсөн дор нуугдмал байдаг. Эдгээр зүйл байхгүй бол сурахад учрах хүндрэлүүд зайлшгүй нь биш, хүүхдийн өөртөө итгэх байдал, сурах сонирхлыг бэхжүүлэхгүйгээр зогсохгүй, бүр устгаж орхидог нь үндсэн бэрхшээл болж хувирна. Хэрэв багш сурагчаас хөгжиж буй бие хүнийг олж харваас бидний сурах бичиг багшид эерүү, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлэхэд тус болох төдийгүй сурагч бүр хүндрэлийг ялж суран, өөрийн хувьд дээд хэмжээний үр дүнд хүрч чадна. Олон түвшний сургалтын механизмын гол учгийг тайлбарлая. Харьцангуй өндөр түвшний даалгаврууд ангийн сайн бэлтгэгдсэн, өөрсдийн хувьд байнга шинэ мэдлэг бүтээхийг эрэлхийлдэг сурагчдад илүү сонирхолтой юм. Гэхдээ бүтээлч ажилд бүх сурагч татагдан орох бөгөөд нөгөө хэдийнхээ хувилбаруудыг сонсож, амжилтыг нь олж харан үнэлж, алдаа бол ердийн үйл явц хэмээн ухаарах болно. Ийнхүү сурагч бүр өөрийнхөө хэрэгцээтэйг мэдэрч, аль болох ахиу ажиллахад тэмүүлж, өөрийгөө өөд чангааж, өөрийн амжилтаар бахархаж, бусдын ололтуудад баярлаж сурах юм. Өндөр түвшний сурагчид бие даасан дасгал ажлын хүрээнд өөрсдийн алдааг илрүүлэх, засах, өөрийгөө үнэлэх боломжтой бөгөөд журналд тэдний өөрсдийнх хувьд ялалт гэж үзсэн дүнг тавибал оновчтой байдаг. Багш оноолдог шалгалтын хувьд түвшинг санаатай доошлуулдаг ч ердийн түвшнөөс дээгүүр л байдаг. Ийм тохиолдолд бараг ихэнх сурагч ялагчид болж, бусад нь шинэ сэдвийг гүйцээн судалж, бусдыгаа гүйцэх боломжтой болдог тул тэдний өөрийн үнэлгээ нэг их хохироод байдаггүй. Түүнчлэн, багш тэдэнд нөхцөл байдлыг шинжлэх, алдаа юунаас болсныг ухаарахад тусалдаг. Би 1980-аад оны сүүлчээр Улаанбаатарын нэг сургуульд хэдэн жил багшилж билээ. Нэгэн ангид “олигофрения” оноштой хөвгүүн сурдаг байлаа. Хүүхдүүд тухайн дүрмийг сайтар ухаарсны дараа түүнийг давтах шаардлагатай үед би тэр хөвгүүнээс заавал асуудаг байв. Тэр цаг үргэлж маш хариуцлагатайгаар хариулдаг ба босч ирээд л нухацтай, оновчтойгоор бүгдэд өгүүлдэг байв. Даалгавар өгөх үед би түүнд өөрийнх нь чадах түвшний хэсгүүдийг бэлддэг байсан. Төгсөх шалгалт болоход би түүнд туслах ёстой хэмээн төсөөлж, шууд хэлж өгөхгүй, хуулахыг зөвшөөрөхгүй, гэхдээ ямар ч тохиолдолд гурав тавина гэж төлөвлөв. Түүний хийсэн ажлыг нээнгүүт, тэр дор хаяж гурав авахаар байсныг баяртайгаар ухаарч билээ. Тэр таван даалгавраас гурвыг нь өөрөө гүйцэтгэсэн байв. Энэ нь бид бүхний жинхэнэ ялалт байсан даа! Ийм тохиолдлууд цөөнгүй байдгийг хожим би олон багш, эцэг, эхийн түүхээс мэдэж авсан юм. Намайг идэвхтэй оролцооны аргыг нэвтрүүлж байхад миний шавь нар бүгд л нэгэн зэрэг дөрөв болон тав дүнг үзүүлж байсан ба тодруулбал, 90% орчим нь онц, 5-8% нь сайн, 2-5% нь дунд байв. Энэ үр дүнг одоо олон тооны багш давтан гаргасаар байгаа бөгөөд ийм үр дүнд тайлбарлах арга, хүчээр сургах замаар хэзээ ч хүрэхгүй. Идэвхтэй оролцооны механизм ингэж л ажилладаг.

Таны бодлоор, математик боловсролын төгс систем гэж юу вэ?

Миний бодлоор, аливаа боловсролын зорилго нь хүүхдэд өөрийн аз жаргалтай амьдралыг бүтээхэд туслах юм. Өөрийн авьяас чадварыг ухааран таньж, зорилго тавьж, түүнийг хэрэгжүүлж сургах юм. Багш сурагчийг бүтээдэг гэдэг чинь төөрөгдөл. Томчуул хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх чиг төрхийг байгуулах, сурч сурахад нь л туслагч байдаг.

Математик боловсролд хүүхэд өөрийгөө олох чиглэлд урагшлах алхмуудыг хийх маш хүчирхэг боломжууд хадгалагдаж байдаг. Хичээл түүний хувьд сонирхолтой байж, хүндрэлүүдийг даван туулснаас оюуны таашаал хүртэж, амжилтын уухайг оршоож байж л тэр ийм алхмуудыг хийх болно. Насанд хүрэгчид энэ нөхцлийг хэдий чинээ бүрдүүлж чадна, тэр хэмжээгээр үр дүн гарна. Ийм нөхцөлөөс олж авсан математикийн мэдлэг гүнзгий агаад бөх бат байх нь илэрхий юм. Математикийн 1-9-р ангиудын “Сурч суръя” цуврал сурах бичгүүдэд суулгагдсан бидний аргазүй, технологи нь ийм л асуудлыг шийдэх хувилбар юм.

Хамгийн чухал, бас бусдад гайхуулах, бас өөрсдөөрөө бахархах хэсгүүд энд бий. Бусад улс орон, мэргэжил нэгтнүүдэд үндэстнээ харуулах, хэнээс ч дутахгүйгээ нотлох баримтууд юм. Өөр ч бас тун чухал уралдаан, элдэвтэй санаанууд энэ дугаарт багтлаа.
Таалан соёрхогтун.